Францын реп дуучин Орелсаны “Шатахууны үнэр” дуутай холбоотой мэдэгдэл

2021оны 11сарын 17-ны өдөр Францын рэп дуучин Орелсан гэх тайзны нэртэй Орэлиен Котентин “Соёл иргэншил” нэртэй цомогтоо “Шатахууны үнэр” буюу «L’odeur de l'essence» дуугаа oруулсан нь өнөөдрийн байдлаар YouTubе-д 9 сая гаруй үзэлттэй байна. Tэрээр Дэлхийн Хөгжмийн шагнал болох ‘’World Music Awards’’ авах магадлал өндөртэй бөгөөд 2022 оны 1 сарын 15-наас Франц, Швейцари, Белги улсуудаар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй. Дуучин Орелсан энэ дуундаа “Монгол” хэмээх үгийг олонтаа давтан доромж утгаар хэрэглэсэн нь 19-р зуунд тархаад байсан арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн үр дагавар юм. 1866 онд Английн эмч Жон Лангдон Даун - Дауны хам шинжтэй (одоогийн нэр) хүмүүсийг тэр үед хэрэглэж байсан "Монголойд" групп буюу Монгол, Япон, Хятад гэхчлэн Зүүн Азийн орнуудаас гаралтай хүмүүстэй гадаад төрхөөрөө төстэй гэж "Тэнэг Монгол" гэсэн нэр томьёог гаргаж ирсэн байдаг. 

1960-аад оноос хойш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-аас “Монгол”-ыг “Дауны хам шинж”-тэй уялдаа холбоотой болгон тархаасан доктор Дауны алдааг засах, “тэнэг” гэдэг утгыг илэрхийлэхдээ “Монгол” үндэстнийг нэрлэх үгийг зүйрлэн ашиглахгүй байх, мөн үүнтэй холбоотой арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах хандлагыг арилгахаар ажилласаар ирсэн билээ. “Шатахууны үнэр” дуунд Монгол гэдэг үг 19-р зуунд газар авсан арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхалт, колоничлолын үзлээс үүдсэн доромж утгаар орсон нь нэн харамсалтай. Уг дуу нь өнгөрсөн үеийн алдаанаасаа суралцан, урагшлан дэвжихийг уриалж байгаа хэдий ч Монгол улс, үндэстэн, тэдний өв соёл, түүх, угсаа, мөн чанар ба оршихуйг доромжлох мэт сэтгэгдэл төрүүлж байна.

 “Монгол Тодотгол” ТББ “Монгол” гэдэг үгийг доромж утгаар хэрэглэхийг залруулан монгол угсаат хүний эрх, түүх, өв соёлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан болно. Тиймээс бид сүүлийн 10 гаруй жил олон улсад боловсролоор дамжуулан монгол өв соёлыг сурталчилж, биднийг тодотгох “Монгол” хэмээх үгийг зөв зохистой хэрэглэж хэвшүүлэх талаар ажилласаар ирсэн. Тухайлбал: Оксфордын англи хэлний ахисан түвшний суралцагчийн толь бичгээс "монгол","монголиод", "монголизм" гэсэн доромж утгатай тайлбарыг хасуулах; Монгол түүх, соёлоо дэлхийд таниулах богино хэмжээний видео хичээл бэлтгэн монгол, англи, франц хэлээр гаргаад байна. 

Монгол хэмээх үгийг буруу утгаар хэрэглэгдэхэд Монгол угсаатан хүүхдүүд болон иргэд арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхагддаг төдийгүй, дауны хам шинжтэй хүмүүс доромжлол амсдаг. Орелсан олон нийтийн сүлжээнд 1.6 сая гаруй сонсогчтой, нийгэмд нөлөө бүхий хүн. Биднийг тодотгон илэрхийлдэг үгийг Франц хэлэнд буруугаар хэрэглэж ялангуяа өсвөр насныхан, поп соёл нь энэ буруу хэрэглээг энгийн жишиг болгож буйд бидний санаа ихээр зовниж байгаа юм.

11 сарын 17нд уг дуу олон нийтэд цацагдсан цагаас эхлэн бид хувь хүмүүс, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 12 сарын 1нд Монгол, Канад, Франц, Их Британиас төрийн болон төийн бус байгууллагуудтай уулзалт зохион байгуулсан. 12 сарын 7нд уг дуучин болон дуучны менежерт хандан энэ дуунд гарч буй Монгол гэдэг үгийн доромж утгыг залруулан хамтран ажиллах талаар санал тавьсан боловч өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна.

Өнөөдөр бид Дэлхийн хүний ​​эрхийн өдөр дуу хоолойгоо өргөж, энэхүү буруу хэрэглээг таслан зогсоох талаар олон нийтэд мэдэгдэл хийж байна. Монгол гэдэг үгийн буруу хэрэглээ, сөрөг хандлагыг арилгахын тулд дэлхий даяар тархсан монголчууд бид францаар ярьдаг улс оронд буй байгууллага болон франц хэлтэн хүн бүхнийг бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Монгол хэмээх үгийг зохистой, зөв мөн үндсэн утгаар нь хэрэглэхийг уриалж байна. Бид Монголчууд тул Монгол гэж биднийг дуудна уу. 


Монгол Тодотгол ТББ 

 



Hope starts here

Fast donate